Барилга, хот байгуулалтын яам “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд салбарын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛД 1673 ИРГЭН ХАМРАГДЛАА
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож хэлсэн. Ингэснээр зээлдэгчдээс шаардах орлогын хэмжээ болон сарын төлбөрийн хэмжээ 20 хувиар буурч, орлого багатай өрхийн хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, зээлийн дарамтыг бууруулах эерэг үр дагавартай байна. 2021 оны 1 сарын 1-ний өдрөөс 3 сарын 23-ны өдрийн байдлаар нийт 1,673 зээлдэгчид 126.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд уг санхүүжилтийн 28.6 хувийг орон нутгийн ипотекийн зээлэнд зарцуулаад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувийн өсөлттэй байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15,639 айлын орон сууц ашиглалтад орсноос 5,594 айлын орон сууц нь төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлэнд, 5,691 айлын орон сууц нь арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулагдсан. 2020 онд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн эх үүсвэрт 410.0 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн.
Барилга, хот байгуулалтын яамнаас 2021 оны 1 улиралд хийсэн зах зээл дэх орон сууцны судалгаанаас үзэхэд 1,816 айлын орон сууц борлуулагдаагүй байгаа бол 2021 онд 23,591 айлын орон сууцыг барилгын салбарын аж ахуйн нэгжүүд шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс нийслэлд 19,191 айл, орон нутагт 4,400 айлын орон сууц төлөвлөгдсөн.
2021 онд ипотекийн зээлийн хэмжээг ойролцоогоор 700-800 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр Монголбанктай тохироод байна. Энэ нь өмнөх 3 жилийн дунджаас 2.3 дахин нэмэгдүүлсэн дүн бөгөөд жилд 10,000 орчим зээлдэгч хөтөлбөрт хамрагдах юм. Цаашид орон нутгийн иргэдийн худалдан авах чадварын судалгаа болон Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, ажлын байртай уялдуулах үүднээс ипотекийн зээлийн санхүүжилтийн 25-30 хувийг хөдөө орон нутагт тогтвортой олгоно.